2010-06-29

Оюу Толгой ХХК-ийн оффис, орон сууцны цогцолбор барилгын шилдэг зураг төсөл шалгаруулах уралдаан

Саяхан Монголын Архитекторуудын Эвлэл ба "Оюу-Толгой" ХХК-аас зарласан Өвөрхангай аймгийн Ханбогд сумын шинэ төвд баригдах "Оюу-Толгой" ХХК-ийн оффис, орон сууцны шилдэг барилга шалгаруулах 2 шатлалтай уралдаанд 04090 дугаартай миний бие болон багийн гишүүн Ю.Ганзоригийн хамт оролцон 2-р байрыг эзэллээ. Дээрх уралдаанд 1-р шатанд 22 баг оролцсоноос 2-р шатруу 6 багийг шалгаруулж төслийнхөө техникийн шийдлийг сонгон уралдуулснаар эхний 3 байрыг тодруулсан билээ. Энэхүү уралдааны материалаа блогдоо товчилсон хэлбэрээр оруулан тавилаа.

Архитектурын тайлбар

Барилга байгууламжаар дүүрэн гудамжинд шинэ барилга төлөвлөх нь тал нутагт барилга төлөвлөхөөс хялбар байдаг. Архитектурын бүтээл нь тухайн нийгмийн үзэл санааны илрэл болдогийн хувьд хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд маш их нөлөөтэй. Уг барилгын үндсэн санаа нь Монголын уламжлалт уран барилгын төлөвлөлтийг тусгаж, орчин үеийн функц руу хөрвүүлэх зорилготой юм. Түүхийн турш Монголын уран барилгачид гадны хийц элементүүдийг өөрийн уран барилгадаа оновчтойгоор ашиглаж ирсэнийг чадан ядан уламжлуулахыг оролдов. Барилгын геометр тогтоц нь тухайн нутгийн байгаль орчинтой зохицож нэгэн цогц орон зайг үүсгэхэд оршино. Архитектур зохион байгуулалт нь ерөнхий нэг төвтэй ба түүнийг хүрээлсэн бусад өрөө, танхимууд ба орон сууцны барилга байрлаж байна. Төв хэсэгт давхруудын орон зайг хооронд нь холбож өгөх атриум төлөвлөгдсөн. Дээрээсээ нарны гэрэл авахаар зохион байгуулагдсан бөгөөд гэрэл нь нийт давхруудын өрөө танхимуудад хүртээмжтэй байхаар тооцоологдсон. Учир нь өрөөнүүдийн гадна ханын цонхнууд хангалттай гэрэл авахаар том байх боломжгүй байх тул шаардлагатай гэрлээ атриумаар орж ирэх тогтмол гэрлээр нөхөж байх болно. Иймд ажлын болон бусад өрөө танхимуудын дотор хананууд шилээр шийдэгдсэн. Атриумын чанх доор нэгдүгээр давхрын үүдний танхимд ургамал мод, усан толионууд байрлуулсан нь зундаа говийн халуун уур амьсгалыг сэрүүцүүлж, өвөлдөө хүйтний эрчийг буурулах мэдрэмжийг хүнд төрүүлэх баянбүрдийг санагдуулна. Хамгийн дээд давхарт хурлын танхимаас гадна гадаа ил террас байрлуулж түүнийгээ өвс ургамлаар хучиж өгсөн нь олон талын функцыг өөртөө агуулах боломжтой юм. Орон сууцны барилга нь оффисын байртайгаа холбоотой байгаа нь ажиллагсад цаг агаарын хүнд нөхцөлд гадагш гаралгүй ажилдаа явах бололцоотой болох юм. Орон сууцны нэгж бүр нь зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө ба ариун цэврийн өрөөнөөс бүрдэж байгаа.