2010-01-29

PROSTEEL

Оюутан байхдаа PROSTEEL нэртэй уралдаанд найзуудынхаа хамт орж байлаа. Тэр төслийнхөө материалыг саяхан нэг найзаасаа олж авлаа. Энэ уралдааны сэдэв нь орон сууц гэж байсан ба гол цэг нь үүнийгээ төмөр хийц ашиглан хийх ёстой байв.
Дизайны шийдлийн гол санаа нь олон төрлийн амьдралын хэв маяг нь нэгдмэл нэг цул байдлыг бий болгож байгаа ба эдгээрийг агуулж байгаа орчин ба цаг хугацаа нь нэг бүхэл процесс болж өгнө. Тухайн процесс нь барилгын үндсэн шийдлийг гаргахад суурь нь болох юм.
Айл болгоны орон сууцны хэмжээ нь өөр өөр цилиндрээс бүрдэж байгаа бөгөөд хоёр эгнээ болон байрлана. Тэдгээрийн хоорон дахь нийтийн эзэмшлийн талбай нь оршин суугчдын амарч зугаалах хэсэг болж өгнө. Цилиндрүүд ба түүнийг тогтоогч хийцүүд нь бүхэлдээ төмөр хийцээр шийдэгдэнэ.





2010-01-12

Хямд орон сууц

Хямд орон сууцны шийдэл гаргалаа. Нэгж болгон 47 кв.м бөгөөд 150кв.м эзэмшил талбайтай, 6-8 нэгж нийлж нэг шугаманд холбогдохоор тооцсон болно. Айл болгон урд довжоотой, машины ил зогсоолтой ба арын цэцэрлэгтэй байна. Байшингийн төлөвлөлтийн хувьд зочдын өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө ба тоног төхөөрөмжийн өрөөтэй агуулах. Материалын хувьд чөлөөтэй.



Архитектор: Б.Золбоо

2010-01-06

Piano-гийн шинэ төсөл “Галт Уул”

Архитектурын бүтээлүүд хамелеон шиг оршин байгаа орчиндоо зохицон байгалын өнгө төрхийг дууриах нь бий. Үүний нэг жишээ нь Renzo Piano Worlshop-ийн Наполи дахь галт уулын загвартай худалдааны төвийн барилга юм.



Багахан шиг галт уулын хэмжээний уг барилгын төвийн задгай хэсгийн диаметр нь 150м харин хамгийн өргөн хүрээ нь 320м байна.



Renzo Piano уг төслийнхөө талаар ярихдаа: “Уг барилга нь Эртний Грекийн худалдааны төвийн орчин үеийн хувилбар. Олон нийтийн үйл ажиллагаа, хурал цуглаан г.м. хүмүүсийн хоорондын харилцааг үүсгэх зориулалт бүхий талбай юм.” Гэхдээ галт уулуудын талаарх таагүй дурсамжууд олон бий. Итали болон Исландад галт уулын дэлбэрэлтээс болж сүйрсэн хотууд олноороо байдаг. Цогцолборын эзэн энэ талыг ч бодсон уу, уг барилгадаа “il Vulcano Buono” буюу “Сайн Галт Уул” хэмээх нэрийг өгсөн гэнэ.





Уг барилгын шийдлүүдэд зарим нэг сонирхолтой талууд бий. Газрын шинж чанарыг барилгад тусгасан нь худалдааны шинж чанартай. Илүү байгалын дүр төрхийг илэрхийлж байгаа боловч гадна талын ногоон дээврийг хүмүүс ашиглах боломжгүй бөгөөд эргэн тойрон дан дэлгүүрүүд байгаа нь төслийн үндсэн санаатай зөрчилдөж байгаа юм.




Эх сурвалж: Eikongraphia
Зургууд: Moreno Maggi RPBW

2009-12-28

Дэлхийн хамгийн өндөр барилгуудыг шинээр тодорхойлов

Counsil on Tall Buildings and Urban Habitat барилгуудын өндрийг тодорхойлох шалгуураа шинэчилсэн байна.
Чикаго хотод төв нь байрладаг тус байгууллага 11-р сард мэдэгдэхдээ барилгыг хэмжихдээ төв хаалганаас нь эхэлж хэмждэг байсныг өөрчилж газар доорх явган хүний ил гарцуудыг нэмж оруулан тооцох болсон байна. Мөн барилгуудын дээврийн нэмэлт хурц орой бүхий тоноглолууд ихээр ашиглагдаж эхэлсэн болохоор дээвэр хүртэл хэмжигддэг байсан нь өөрчлөгдөж оройн дээд өнцөг хүртэл хэмжих болсон байна.



Ийнхүү шинэчилсэн шаардлагаар дэлхийн хамгийн өндөр барилгуудын жагсаалтанд бага зэрэг өөрчлөлт орсон байна. Нэгдүгээрт, ирэх сар нээлтээ хийх 818 метр өндөр Owings & Merrill-ийн Burj Dubai хэвээрэй байна. Эхний 5 байрт ямарваа өөрчлөлт байхгүй ба 7-р байранд байсан SOM-ын Trump International Hotel & Towers мөн SOM-ын Шанхай дахь Jin Mao барилгын дээр гарч 6-р байранд орсон байна.



Тус байгууллагын Өндрийн комиссын тэргүүн Peter Weismantle Burj Dubai дэлхийн хамгийн өндөр барилга болох нь тодорхой байсан ч барилгуудын өндрийг хэмжих шалгуураа шинэчлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: Architectural Record

2009-12-18

Монголын Ардчилсан Намын төв байрны уралдаан

Саяхан Монголын Ардчилсан Намын төв байрны уралдаан зарлагдваа, хугацаа нь 2 долоо хоног. Мэргэжилдээ superman биш л бол амжихад тун хэцүү хугацаа. Ороод үзэх хэрэгтэй байдаг, өмнө нь монголд энэ төрлийн уралдаануудад орж байгаагүй тул сонирхолтой байдаг. Тэгээд нэг юм ухантаад хийлээ, өглөө. Өгөгдлүүд гэхээр юм байхгүйгээс ялгаагүй. Тэгээд мэдээж сайн бүтээл гарсангүй. Нэгдүгээр байрт ч орох найдвар байгаагүй, тэгээд ч орсонгүй. Гол санаа нь ардчилсан өргөө маань өмнөх талбайгаа хэвээр хадгалан үлдэж мөн хажуугийнхаа 2 барилгадаа хүндэтгэлтэй хандахад байсан юм. Хажуугийн барилгууд (Соёлын Төв Өргөө, Дуурь бүжгийн театр)Улаанбаатарын түүхэнд чухал барилгуудын тоонд зүй ёсоор орох тул тэдний аливаа элементийг бөглөж таглах нь ёс суртахуунгүй асуудал болох юм.
Эцэст нь 60 чавганц уралдахаар 1 нь түрүүлдэг хойно, тодорхой критериэр бодвол шалгаруулсан л юм шиг байна лээ. Нийт бүтээлүүдээр үзэсгэлэн зохиовол очиж үзэх юмдаг.
За тэгээд бусад архитекторууддаа амжилт хүсье, цаашдаа энэ салбар маань бусдын хэмжээнд хүрэхийг ерөөе! Гол нь хичээл зүтгэл шүү залуусаа!

2009-11-03

Интерьер

Нэг айлын интерьерийг орууллаа, 1 жил хагасын өмнө хийж байсан. Дашрамд хэлэхэд айлын гэрийн интерьерийг аль болох авахгүй байхыг хичээгээрэй дизайнеруудаа :)




2009-11-02

Их сургуулийн цогцолбор

Нэгэн их сургуулийн цогцолборын эскизийг тавилаа. Ноднин жил хийж байсан, бас л цааш үргэлжлэн зурагдаагүй эскизний шатан дээрээ үлдсэн төсөл. Хямрал дуусахаар байдал сайжрах байхөө.