2010-12-02

"Чингис Хаан" дээд сургуулийн өргөтгөл ба спорт заал

Их удаан блог бичлэг оруулсангүй. Одоо харин сүүлд хийсэн нэг төслөөсөө оруулахаар шийдлээ. Энэ төсөл нь "Чингис Хаан" дээд сургуулийн өргөтгөл ба спорт заалны барилга. Нийт 1542м² талбай бүхий уг барилга нь 2 хэсгээс бүрдэнэ. 6 давхар барилгад оюутнуудын номын сан, хооллох танхим, компьютерийн кабинет ба хурлын танхим гэх мэт талбайнууд байх ба спорт заалны барилгатайгаа хоолойгоор холбогдож байгаа. Спорт заалны барилга нь фитнесс, саун, хувцас солих өрөө болон заалны танхимтай. Төслийн хувьд онц гойд сонин содон санаа байхгүй энгийн л нэг барилга.

2010-08-09

LEMAYMICHAUD архитектурын оффис

Alain Lemay ба Viateur Michaud нар 1979 онд Канадын болон дэлхийн олон улсын зуу зуун захиалагчдад үйлчлэх LEMAYMICHAUD хэмээх оффисыг байгуулжээ.




Кэбэк мужийн хамгийн том архитектур дизайны уг оффис 63 ажилтантай, Кэбэк хот ба Монреаль хотод 2 салбартай.





КЭБЭК ХОТ
1989 онд LEMAYMICHAUD Кэбэк хотын 1906 онд далайн эргийн хуучин боомтын Монреаль хотын банканд зориулж баригдсан тухайн үедээ ашиглагдахаа больсон барилгыг худалдан авч 20 жилийн дараа 2009 он гэхэд уг барилгыг өргөтгөн засаж өнөөдрийн энэ хэлбэрт нь оруулсан байна.








Lemay уг хуучны барилгыг нэмж өргөтгөж шинэчлэх нь нэлээд хүнд ажил байсан тухай мөн 9 метр нэг дан давхраас бүрдэх барилгын мансардыг ашиглан өөрсдөд хэрэгтэй орон зайнуудыг 2 дахин өсгөснөө тайлбарласан байна.
Мансардын уг давхар нь үндсэн хананаасаа тодорхой зайгаар алслагдан гаднаас орж ирэх өдрийн гэрлийг аль аль давхарт нь хангалттайгаар орж байхаар бодолцсон байна. Үүнээс гадна дотор интерьерийн архитектур орон зайн чанарыг өсгөх зорилго давхар агуулж байна.






МОНРЕАЛЬ ХОТ
Монреаль хот дахь салбарын онцлог нь Кэбэк хотынхтой адил барилгын хувьд хүмүүсийн ихэнхдээ сонгохооргүй хуучин байрыг сэргээн засварлаж ашигласан байгаад юм.



Монреаль хотын салбарыг удирддаг Michaud ямар ч цонхгүй агуулахын барилгыг доторх шинж чанарыг нь хадгалан засаж гэрэл сүүдрийг нь тохируулан засаж өөрсдийн хэрэгцээт орон зайг гаргаж авсан байна.
Үүнд тулгарсан нэг бэрхшээлтэй асуудал нь энэ хуучин байшинд тодорхой хэмжээний модерн хэв шинжийг оруулж өгөхөд байсан байна. Интерьерт байгаа бүх элемэнтүүдийг хамгийн ашигтайгаар шийдэх хэрэгтэй.





Барилгын тодорхой хэсэгийг 1.52 метр гүн ухаж зарим хэсгийг 90 см-ээр дээшлүүлж хаалттай цэцэрлэг бий болгон дугуйн зогсоол, шүршүүр, халаалтын шинэ систем нэмэн хийж байгалын гэрлийг гаднаас оруулж хуучин зарим зүйлсийг ашиглан тавилга болгон ашигласан байна.
Товчхондоо Michaud-ын хэлснээр үр дүн нь маш энгийн бөгөөд сонирхолтой болсон ба барилгын хуучин хэв шинжийг нь хадгалахын хажуугаар эзэлхүүнийг нь тодорхой болгож өгсөн байна.
Эцэст нь дүгнэхэд уг оффисийн барилгууд нь LEMAYMICHAUD-ийн өөрийн болон захиалагчдынх нь хэв шинжийг тодорхойлж өгч байна. Энэ нь ЭНГИЙН гэхдээ ДЭГЖИН, ЧАМИН гэхдээ ДАРУУ. ХҮМҮҮНЛЭГ...








Эх сурвалж: Contemporist & Mimdap

2010-07-06

Mitchell Joachim: Don't build your home, grow it!

(Сүүлийн үед ногоон өнгө моодонд орж байгаа шүү!)

2010-06-29

Оюу Толгой ХХК-ийн оффис, орон сууцны цогцолбор барилгын шилдэг зураг төсөл шалгаруулах уралдаан

Саяхан Монголын Архитекторуудын Эвлэл ба "Оюу-Толгой" ХХК-аас зарласан Өвөрхангай аймгийн Ханбогд сумын шинэ төвд баригдах "Оюу-Толгой" ХХК-ийн оффис, орон сууцны шилдэг барилга шалгаруулах 2 шатлалтай уралдаанд 04090 дугаартай миний бие болон багийн гишүүн Ю.Ганзоригийн хамт оролцон 2-р байрыг эзэллээ. Дээрх уралдаанд 1-р шатанд 22 баг оролцсоноос 2-р шатруу 6 багийг шалгаруулж төслийнхөө техникийн шийдлийг сонгон уралдуулснаар эхний 3 байрыг тодруулсан билээ. Энэхүү уралдааны материалаа блогдоо товчилсон хэлбэрээр оруулан тавилаа.

Архитектурын тайлбар

Барилга байгууламжаар дүүрэн гудамжинд шинэ барилга төлөвлөх нь тал нутагт барилга төлөвлөхөөс хялбар байдаг. Архитектурын бүтээл нь тухайн нийгмийн үзэл санааны илрэл болдогийн хувьд хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд маш их нөлөөтэй. Уг барилгын үндсэн санаа нь Монголын уламжлалт уран барилгын төлөвлөлтийг тусгаж, орчин үеийн функц руу хөрвүүлэх зорилготой юм. Түүхийн турш Монголын уран барилгачид гадны хийц элементүүдийг өөрийн уран барилгадаа оновчтойгоор ашиглаж ирсэнийг чадан ядан уламжлуулахыг оролдов. Барилгын геометр тогтоц нь тухайн нутгийн байгаль орчинтой зохицож нэгэн цогц орон зайг үүсгэхэд оршино. Архитектур зохион байгуулалт нь ерөнхий нэг төвтэй ба түүнийг хүрээлсэн бусад өрөө, танхимууд ба орон сууцны барилга байрлаж байна. Төв хэсэгт давхруудын орон зайг хооронд нь холбож өгөх атриум төлөвлөгдсөн. Дээрээсээ нарны гэрэл авахаар зохион байгуулагдсан бөгөөд гэрэл нь нийт давхруудын өрөө танхимуудад хүртээмжтэй байхаар тооцоологдсон. Учир нь өрөөнүүдийн гадна ханын цонхнууд хангалттай гэрэл авахаар том байх боломжгүй байх тул шаардлагатай гэрлээ атриумаар орж ирэх тогтмол гэрлээр нөхөж байх болно. Иймд ажлын болон бусад өрөө танхимуудын дотор хананууд шилээр шийдэгдсэн. Атриумын чанх доор нэгдүгээр давхрын үүдний танхимд ургамал мод, усан толионууд байрлуулсан нь зундаа говийн халуун уур амьсгалыг сэрүүцүүлж, өвөлдөө хүйтний эрчийг буурулах мэдрэмжийг хүнд төрүүлэх баянбүрдийг санагдуулна. Хамгийн дээд давхарт хурлын танхимаас гадна гадаа ил террас байрлуулж түүнийгээ өвс ургамлаар хучиж өгсөн нь олон талын функцыг өөртөө агуулах боломжтой юм. Орон сууцны барилга нь оффисын байртайгаа холбоотой байгаа нь ажиллагсад цаг агаарын хүнд нөхцөлд гадагш гаралгүй ажилдаа явах бололцоотой болох юм. Орон сууцны нэгж бүр нь зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө ба ариун цэврийн өрөөнөөс бүрдэж байгаа.











2010-01-29

PROSTEEL

Оюутан байхдаа PROSTEEL нэртэй уралдаанд найзуудынхаа хамт орж байлаа. Тэр төслийнхөө материалыг саяхан нэг найзаасаа олж авлаа. Энэ уралдааны сэдэв нь орон сууц гэж байсан ба гол цэг нь үүнийгээ төмөр хийц ашиглан хийх ёстой байв.
Дизайны шийдлийн гол санаа нь олон төрлийн амьдралын хэв маяг нь нэгдмэл нэг цул байдлыг бий болгож байгаа ба эдгээрийг агуулж байгаа орчин ба цаг хугацаа нь нэг бүхэл процесс болж өгнө. Тухайн процесс нь барилгын үндсэн шийдлийг гаргахад суурь нь болох юм.
Айл болгоны орон сууцны хэмжээ нь өөр өөр цилиндрээс бүрдэж байгаа бөгөөд хоёр эгнээ болон байрлана. Тэдгээрийн хоорон дахь нийтийн эзэмшлийн талбай нь оршин суугчдын амарч зугаалах хэсэг болж өгнө. Цилиндрүүд ба түүнийг тогтоогч хийцүүд нь бүхэлдээ төмөр хийцээр шийдэгдэнэ.





2010-01-12

Хямд орон сууц

Хямд орон сууцны шийдэл гаргалаа. Нэгж болгон 47 кв.м бөгөөд 150кв.м эзэмшил талбайтай, 6-8 нэгж нийлж нэг шугаманд холбогдохоор тооцсон болно. Айл болгон урд довжоотой, машины ил зогсоолтой ба арын цэцэрлэгтэй байна. Байшингийн төлөвлөлтийн хувьд зочдын өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө ба тоног төхөөрөмжийн өрөөтэй агуулах. Материалын хувьд чөлөөтэй.



Архитектор: Б.Золбоо

2010-01-06

Piano-гийн шинэ төсөл “Галт Уул”

Архитектурын бүтээлүүд хамелеон шиг оршин байгаа орчиндоо зохицон байгалын өнгө төрхийг дууриах нь бий. Үүний нэг жишээ нь Renzo Piano Worlshop-ийн Наполи дахь галт уулын загвартай худалдааны төвийн барилга юм.



Багахан шиг галт уулын хэмжээний уг барилгын төвийн задгай хэсгийн диаметр нь 150м харин хамгийн өргөн хүрээ нь 320м байна.



Renzo Piano уг төслийнхөө талаар ярихдаа: “Уг барилга нь Эртний Грекийн худалдааны төвийн орчин үеийн хувилбар. Олон нийтийн үйл ажиллагаа, хурал цуглаан г.м. хүмүүсийн хоорондын харилцааг үүсгэх зориулалт бүхий талбай юм.” Гэхдээ галт уулуудын талаарх таагүй дурсамжууд олон бий. Итали болон Исландад галт уулын дэлбэрэлтээс болж сүйрсэн хотууд олноороо байдаг. Цогцолборын эзэн энэ талыг ч бодсон уу, уг барилгадаа “il Vulcano Buono” буюу “Сайн Галт Уул” хэмээх нэрийг өгсөн гэнэ.





Уг барилгын шийдлүүдэд зарим нэг сонирхолтой талууд бий. Газрын шинж чанарыг барилгад тусгасан нь худалдааны шинж чанартай. Илүү байгалын дүр төрхийг илэрхийлж байгаа боловч гадна талын ногоон дээврийг хүмүүс ашиглах боломжгүй бөгөөд эргэн тойрон дан дэлгүүрүүд байгаа нь төслийн үндсэн санаатай зөрчилдөж байгаа юм.




Эх сурвалж: Eikongraphia
Зургууд: Moreno Maggi RPBW